Monday, April 30, 2012

Данзанравжаагийн тухай “Гэгээнтэн” роман хэвлэгдлээ


Зохиолч Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх шинэ роман ойрын үед номын худалдаанд гарах аж. Уг роман нь XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Данзанравжаагийн ер бусын ид шидлэг гайхамшигт далд ертөнцөөр аялуулах болно. Монголын говь дахь эрт галавын ой санамж, байгаль дахь оюун санааны далд хүчийг танин барьсан говийн Гэгээнтэний соён гэгээрүүлэх үйлс нь Манжийн төрийн монгол нутаг тийш явуулсан бодлого, саад хоригтой тулгарч, олон эмс хүүхнүүд дагуулсан “говийн дүвчин”, “согтуу”, “галзуу” хэмээн хоч цуугаар муучлагдан, ил далд хавчин хяхах, хорлон хөнөөхийг элдвээр оролдох боловч Данзанравжаа бээр нууц тарнийн бясалгалын хамтрагч дагинас, бүтээлчин бүсгүйчүүд, урлаач, дууч хуурчид олон шавь нараа дагуулан орон шүтээний газаруудаа байгуулан, жүжиг наадам дэглэн, дуу хуур ид шидээ үзүүлэн уул усаа аргадан чөтгөр шимнусыг дарж, тэмээн жингийн урт цуваа хөвүүлэн билиг танхай авьяас билгээ хөгжүүлэн дэлгэрүүлж, аялан явсаар байна.

Данзанравжаа өөрийн төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний бүтээл оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьж улмаар Шамбал хэмээх нууцын орныг төрөлх говь нутагтаа нээж буй суу гайхамшигт билиг эрдмийг нь зохиолч романыхаа гол шугам болгож өгүүлжээ.

Шамбалын нууц оршсон хутагтын эрдмийн өвийг авч үлдэхийн төлөө 1937 оны хэлмэгдүүлэлт, шашин соёлыг хааж боосон хуучин тогтолцооны хүнд бэрх хавчилт хаалт боолтын дундуур амь биеийг үл хайрлан тэмцэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан тахилч О.Түдэвийн амьдралын нууцлаг, бишрэм түүхийг романы үйл явдалтай сүлэлдүүлэн өгүүлжээ.

Будда болон Ловон Бадмажунай тэргүүт дээд Богдос нараас эши үндэстэй нууц тарнийн судал, хий, дуслын бясалгалаар чинадын нууцад нэвтэрч дээд оюуны далд увдисыг Монголын говь нутагт төгөлдөржүүлэн оньсолсон хийгээд нүүдэлчин Монголчууд соёл, эрдэм ухааны өвөө хүнээс хүнд, цагаас цагт уламжлан хойч үедээ илгээж буйг Ноён хутагт Данзанравжаагийн түүхэн баримтат үйл амьдралаар дамжуулан задлан шинжилсэн  уг романы онцлог ажээ.


Зохиогчийн тухай:

Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэл, судалгааны олон ном бичсэн бөгөөд түүний бүтээлүүд нь дэлхийн 40 шахам хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болжээ.

Хүүрнэл зохиолын төрлөөр бичсэн “Алтан Овоо” хөлгөн судар нь 1993, 2002, 2007, 2010 онуудад хэвлэгдсэнээс гадна англи хэлнээ орчуулагдан гарчээ. Шашин соёлын сэдвээр “Билгийн мэлмий нээгч” /1996/, “Алтан-Овооны алтан шастир” /2008/ зэрэг ном нь нийтийн хүртээл болж байжээ.

Г.Мэнд-Ооёогийн Францын зохиолч Патрик Фишмантай хамтарч бичсэн Монгол цэцэн билигт ардын үлгэрт үгүүллийн ном нь энэ 2012 онд франц хэлээр Парис хотноо хэвлэгдсэн байна.

Ч.БОЛОР
http://art.news.mn/content/105719.shtml

2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.

    "Гэгээнтэн" романыг уншлаа. Ямар ч байсан нэг уншлаа. Удаан хугацаанд бодож, тодроо асууж явсан асуултынхаа хариуг "Гэгээнтэн"-с оллоо. Энэ агуу хүний тухай судлан, үнэнд ойрхноор бичиж бидний оюунд толилуусан танд ихэд талахраж бас баяр хүргэж байнаа.

    Мөн та өөрийн талбарыг www.goodreads.com хуудсанд нээж, бүтээлүүдээ оруулж болохуу.

    Хүндэтгэн ёслов.

    ReplyDelete