Sunday, January 31, 2010

ҮГИЙН БИЛИГ

Эрин зуунуудыг эрихэлсэн хуучин судрын хуудсанд
Элэнц хуланц дээдсийн минь оюун сүнс буй
Хөлөөрөө яваад хүрэхгүй элин галавын тэртээд
Хэлээрээ улаа нэхээд хүрэхийн ерөөл буй

Хэдэн зууны цаадтайд Цогт тайжийн цэцэлсэн үг
Хээр талын чулууны монгол элгэнд шингээд
Оргилж дэвэрсэн онгодоор өргөж дэвшүүлсэн дуу нь
Олон үеийн чанадаас одоо ч сонсогдсоор буй.

Ган гачигт нэрвүүлж газар дэлхий хагсахад
Гамшигт энэлсэн говийн найрагч Гэлэгбалсан
Үлэмжийн тэнхээ хүчийг үг бүхэндээ хурайлан
Үүлгүй тэнгэрээс хур дуудаж шүлэглэхэд

Горь хүслийн биелэл борооны түрүүч шаагин
Говь нутаг тэнийж, ган тайлсан гэдэг.
Монгол хүний амны билиг бүтэхийн учир
Молор эрдэнийн хэлний минь арвис чадалд буй

Аяа, миний төрөлх хэлний агуужим тийм хүчийг
Атхаг хар санааны хорт сумд болгож
Тэр нэгэн өдөр Нацагдоржийн минь зүрх рүү
Тэнэсэн сум шиг зэрлэг үгээр буудсан юм биш байгаа!

Урваагүй байж, урвагч гэж зүрхээ зүсүүлсэн
Улс орондоо хайртай байж, хайргүй гэж элгээ эсгүүлсэн
Төөрөг заяа нь төөрсөн, хөөрхий ах нар минь хаана байна?
Төгс үнэн хэл минь мэдэх бүхнээ ярь аа!

Авирлагч хэн нэгнийг алдрын тэнгэрт нисгэсэн
Асарлагч хүн нэгнээ газрын мухарт гүтгэсэн
Бурангуйн буртаг тоосыг тунгааж ариусга, хэл минь!
Харанхуйн дунд гэрэлтэхээр тунгалаг бай, хэл минь!

Шинэ цагийн араншингаар дуу авалцан хашгирцгааж
Ширмэн бөмбөг шиг үгийг бие бие рүүгээ шидэцгээнэ.
Өндөр уул намхан толгод бүхэн чинь шингээж байгаа!
Өнөөдөр хэлсэн бүхнийг чинь өнө хожмынхон сонсоно!

Алмааз шиг гэрэлтэй, аяа түүн шиг бөх монгол хэл минь,
Аялгуу шүлгийн минь амин цогцос үг бүхэн
Эх хэлнийхээ өмнө өргөж буй алтан тангараг минь!
Эрхийгээ эсгэж үнэнээ гэрчлэх ган болдон тонгорог минь!

Үг бүхнээсээ үнэний гэрэл цацраасан
Үзэл бодол, оюун билгийн болор толь,
Зуун билиг төгөлдөр сонсголонт миний хэл
Зуун зууны цаана сонсогдох МИНИЙ ҮГИЙГ ХЭЛ!

Зуурдын тавиланг алгасах хамгийн холч хүлэг
Хуурын аялгуут хэл минь эзнээ хэзэ ч явгалахгүй ээ!
Ядарч галираад унасан мориноос буух хорвоод
Яасан ч би хэлсэн үгнээсээ буухгүй ээ!

Wednesday, January 27, 2010

Photos







“УТГЫН БОЛОР СҮМ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭГДЛЭЭ














“Г.МЭНД-ООЁОГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ХИШИГ ӨДРҮҮД”- ИЙН ХӨТӨЛБӨР
“УТГЫН БОЛОР СҮМ” УРАН БИЧЛЭГ, БИЧИГ СОЁЛЫН
ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭГДЛЭЭ.



Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн соёл, утга зохиолын олон талтай олон талт үйл ажиллагааны нэгэн хэсэг болох монгол яруу найраг хийгээд уран бичлэгийн найрсал хослолыг харуулсан “Утгын болор сүм” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15 цагт Монголын уран зургийн галерейд боллоо.
“Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлийн хишиг өдрүүд”-ийн нээлт болж буй уг үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.
Үзэсгэлэнг нээж, МУГЖ, нэрт хөгжмийн зохиолч, МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголын ард түмний олон зуун мянган жилийн турш бүтээж буй болгосон морин хуур, уртын дуу, бичиг соёл оюуны билгийн эрих болсон ном судраа эрхэмлэн дээдлэх дэмжин тэтгэх нь манай төрийн уламжлалт эрхэм дээд бодлого билээ.
Өнөөдөр монголын жилийн нэгэн сэхээтэн яруу найрагч өөрийн бичиг ном, яруу найраг, соёлын ажил үйлсээ дэлгэн танилцуулж оюуныхаа ертөнцийг бүтэн долоо хоногийн турш өглөг хишиг болгон хүртээх соёлын томоохон үйл явдал болгон зохион байгуулж байгааг нь хувьдаа эх оронч сайхан үйл хэмээн үзэж дэмжиж байна” хэмээв.
Яруу найрагчийн 30 жилийн тэртээ туурвисан “Дэлхий Ээж” дуундаа зориулан бүтээсэн Дэлхий Ээж тамганы анхны дардасыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид барив.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын оюуны мэргэд, уран бүтээлчид, хэвлэл мэдээлэлийн 200 гаруй хүмүүс хүрэлцэн ирж үзэж сонирхлоо.
Үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлүүдээс гадна, Г.Мэнд-Ооёогийн яруу найрагт зориулсан өнөө үеийн монголын уран бичлэгийн төлөөлөгчид болох Д.Баттөмөр, Жалайр Батбаяр, С.Бадрал, Д.Ганбаатар, Ж.Түвшинжаргал, Д.Болдгарав Б.Буд Ц.Тамир нарын уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд, мөн Г.Мэнд-Ооёогийн цуглуулгын сан хөмрөг дэх уран бичлэг нийт 80 орчим бүтээл дэлгэгдсэн байна.
Уг үзэсгэлэн 02-р сарын 03 хүртэл үргэлжилэх бөгөөд Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

О.Мөнхнаран

Tuesday, January 26, 2010

УРАН БҮТЭЭЛИЙН ХИШИГ ӨДРҮҮД

Г.МЭНД-ООЁОГИЙН УТГЫН БОЛОР СҮМ” УРАН БИЧЛЭГ,
БИЧИГ СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН


“Утгын болор сүм” уран бичлэг, бичиг соёлын үзэсгэлэн 2010.01.27-02.03-нд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулна. Үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлүүдээс гадна, Г.Мэнд-Ооёогийн яруу найрагт зориулсан өнөө үеийн монголын уран бичлэгийн төлөөлөгчид болох Д.Баттөмөр, Жалайр Батбаяр, С.Бадрал, Д.Ганбаатар, Ж.Түвшинжаргал, Д.Болдгарав Б.Буд Ц.Тамир нарын уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд, мөн Г.Мэнд-Ооёогийн цуглуулгын сан хөмрөг дэх уран бичлэг нийт 80 орчим бүтээл дэлгэгдэнэ. Үзэсгэлэн бүхэлдээ Монголын бичиг соёлын сэргэн мандалт, орчин үеийн уран бичлэгийн сэтгэлгээ болон чиг хандлагыг илэрхийлэхийн хамт уран бичлэг, яруу найргийг найрсуулснаараа онцлог юм. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо 1980-аад оны сүүл үеэс эхлэн үндэсний монгол бичиг соёлыг сэргээх үйлсийг манлайлагчдын эгнээнд явсан бөгөөд эдүгээ цаг үед монгол уран бичлэгийг хөгжүүлэх үйлсэд өөрийн бүтээлч оюуныг зориулсаар явааг уг үзэсгэлэнгээс харах болно. Үзэсгэлэнд уран бичлэгээс гадна яруу найрагчийн тамга, бичгийн хэрэгсэл, ховор гар бичмэл, цуглуулгын дээжис орж байгаа нь уг үзэсгэлэнг улам баялаг болгож байна.
Г.Мэнд-Ооёо болон түүний нөхөдийн яруу найрагтай найрссан уран бичлэгийн бүтээлүүд Унгар, Австри, Бельги, Япон, Солонгос зэрэг оронд үзэсгэлэнд дэлгэгдэж байснаас гадна өөрийн оронд хэд хэдэн удаа үзэсгэлэн зохион байгуулж байсан юм.
Үзэсгэлэн бүхэлдээ монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Утгын болор сүм” дэх оюун билиг, бичиг соёл, яруу найргийн ертөнцийг тольдон үзүүлэх болно.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо нэгэнтээ:
Бийрийн мөрөөр мянганы тэртээ аялмуй
Дууны аялгуун дотор мянган жил амьдармуй
хэмээн шүлэглэжээ.



“ЯРУУ НАЙРАГЧИЙН ТАЙЗ”

“Үгийн эрчим хүчний шидэт долгион” лекц



Үг нь хүмүүний сэтгэл оюунаас гадагш тэсрэн гарах бөгөөд хязгааргүй увдисыг өөртөө шингээж цацарсан агуулга нь хүмүүний зүрх сэтгэл рүү атомын эрчим хүчний урсгал мэт очно. Үгийн эрчим хүчний энэхүү шидэт долгион нь хүмүүний төдийгүй байгал ертөнц, нийгмийн оршихуйд өөрийн үйлийн шалтгааныг нөхцөлдүүлж эерэг ба сөрөг нөлөөлөл үзүүлэн мөнхөд оршдог ажээ.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо 2001 онд Австралид болсон Дэлхийн яруу найрагчдын их хуралд “Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион” хэмээх илтгэл тавьж байсан бөгөөд мөн байгалийн болон үгийн эрчим хүчний шүтэлцээ, үгийн ид шидний тухай олонтоо бичсэн билээ.
Яруу найрагч бээр 2007 онд “Хар хэл амны харшлах шалтгааныг амирлуулахуй “ хэмээх томоохон эссээ бичиж “Өдрийн сонин”-д нийтлүүлж атхаг сэтгэлээс үүдэлтэй үгс буюу хар хэр ам нь нийгмийн оюун санаа, цэвэр тунгалаг ахуйг бохирдуулан, байгаль цаг агаар нийгмийн осол гамшиг учруулах хүртэл муу уршигтайг сэрэмжлүүлж сайн үгсээр нийгмийг өөд хөтлөхийг уриалсан байдаг.
“Үгийн эрчим хүчний шидэт долгион” лекц нь яруу найрагчийн олон жилийн ажиглалт, бодрол, эрэлийн үр дүн, үгийн тухай, хэл яриа, бичиг соёлын тухай нэгэн цогц хураангуйлал юм.



“НОМ НЭЭХ ЦАГ”
Г.Мэнд-Ооёогийн шинэ бүтээлийн багц


Яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судалгааны 30 гаруй ном хэвлүүлсэн бөгөөд үүний дотор гадаад орнуудад 6 ном нь англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ гарчээ. Түүний яруу найргийн анхны ном 1980 онд “Бодлын шувуу” нэртэй хэвлэгдэж монголын уран зохиолын хаалгаар анхаарал татаж орж ирсэн бол “Өлзий утас” /1984/, “Хуурын магнай” /1987/, “Утгын болор сүм” /1997/, “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” /2002/ номууд нь туурвилынх нь өөрийн чиг хандлагыг илэрхийлсэн юм. Яруу найрагч энэ удаа өөрийн яруу найргийн бүтээлүүдийг:
“Хэсэг цагаан манан”, “Гэрэлтэх агшин бүр” нэртэйгээр хэвлүүлж байна. Монгол нүүдэлчдийн оюун сэтгэлгээний оршихуй, энэрэл нигүүлсэл, дотоод амар амгаланг, монгол хэл аялгууны эгшиглэн яруу найргийн урлахуйн эрхэмсэг найруулгыг эдгээр бүтээлээс үзэх боломжтой. Дэлхийн яруу найрагчдын дунд зарласан “Бурханы хайр” сэдэвтэй яруу найргийн наадамд тэргүүн байр эзэлсэн “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цагт”, НҮБ-ийн төв байрнаас 1000 яруу найрагчдын бүтээлтэй хамт энхийн шувуу болон ниссэн “Сарны шүлэг” зэрэг олон шинэ бүтээлийг нь энэ номуудаас унших болно.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн бүтээлэд АНУ-ын Калифорни муж улсад бүртгэлтэй Дэлхийн Урлаг Соёлын Академийн удирдах зөвлөлийн шийдвэрээр өнгөрсөн намар “поэт лауреат” цол алтан титмийг Унгарын нийслэл Будапешт хотноо олгосон бөгөөд энэ нь монголын соёл, уран зохиолын чухал үйл явдал болсоныг мэдээлсэн билээ.


“ЗӨӨЛӨН АЙ” CD


Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн зөөлөн уянгын шүлэг найргийн шинэ CD дээрх номуудтай цуг уншигч, сонсогч олноо очиж буй бөгөөд яруу найрагчийн өөрийн дуу хоолойгоор уншсан шүлгүүдээс гадна, Монгол улсын гавъяат жүжигчин Г.Равдан, Л.Чаминчулуун, Б.Жагдаг, Ж.Батбаяр болон уран уншигч Б.Даваа нар түүний шүлгүүдийг уншжээ.



“ЗӨӨЛӨН АЙ” ЯРУУ НАЙРГИЙН УНШЛАГА


Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн туурвилын онцлог нь: монголын өргөн уудам хээр тал, нүүдэлчин ард түмний өвөрмөц соёл, уламжлалт сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлийн байгаллаг ахуйг тольдон үзүүлэхийн хамт хүмүүний оюуны гэгээн тунгалаг, дотоод амгалан оршихуй, энэрэл нигүүлсэл зөөлөн сэтгэлийг илэрхийлдэг болой.
Түүний яруу найргийг гадаад дотоодын судлаачид “Номадизмын дуулал”, “намуун уянгын эзэн”, “гэрэл гэгээний дуучин” “хайрын мөн чанар мөнхийн дууны эрэлчин” хэмээн тэмдэглэсэн нь олонтай. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо бээр Ази, Европ, Австрали, Америк тивийн олон оронд очиж яруу найргаа уншиж, дотоод сэтгэлийн эрхэмсэг намуун аялгууг сонсгож байсан бөгөөд өдгөө тэрбээр өөрийн намуун уянгын шүлгүүдээ, хамгийн амгалан, анир гүм орчинд шүтэн бишрэгч, уншигч нартаа зориулан уншихаар бэлтгэж байна. Яруу найрагч нэгэнтээ өөрийн тухай “Зөөлөн ай бол миний яруу найргийн зан чанар юм” хэмээн хэлсэн бөгөөд нэгэн шүлэгтээ:
Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм
гэж бичсэн нь “Зөөлөн ай” яруу найргийн уншлагын өнгө төрхийг тодорхойлж байна




“ОЮУНЫ ХИШИГ ӨДӨР” БУЮУ СОЁЛ, ЯРУУ НАЙРГИЙН АКАДЕМИЙН ӨДӨРЛӨГ


Г.Мэнд-Ооёо 2005 онд Монголын Соёл Яруу найргийн Академи болон соёл, утга зохиолын GUNU сэтгүүлийг үүсгэн байгуулсан бөгөөд эдүгээ утга зохиол, нийгэм соёлын үйлсэд нэр нөлөө бүхий байгууллага болж чаджээ. Тус байгууллагын 5 жилийн ой энэ онд тохиож байна. Тус Академи болон түүний гишүүд, дэмжигчид ойрын жилүүдийн үйл ажиллагааны төсөл хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл солилцохын хамт уншигч олондоо оюуны болон номын өглөг хишиг түгээх өдөрлөгийг энэ үеэр зохион байгуулж байна. Тус байгууллага өөрийн бүтээлийн дээжээс олон улсын утга зохиолын байгууллагуудад илгээхийн хамт, үндэсний номын сан, зарим их дээд ерөнхий боловсролын сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэм оюуны садан нартаа хишиг хүртээдэг уламжлалтай.


“МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ҮНЭТ ЗҮЙЛС БА ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ


Яруу найрагч Г.Мэнд-Ооёо үйл ажиллагааныхаа нэгэн чиглэлийг монголын уран зохиолыг дэлхий дахинд танилцуулахад зориулсан уран бүтээлч юм. Түүний санаачилгаар Данзанравжаа, Б.Явуухулан, О.Дашбалбар, Ц.Бавуудорж, Дан.Нямаа, Ж.Дашдондог нарын зэрэг яруу найрагчдын түүвэр болон Монголын яруу найргийн антолог, Монголын уран зохиолын дээж, монголын залуу үеийн 7 яруу найрагчийн бүтээлийн цоморлиг зэрэг олон ном англи хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байна. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил дэлхийн яруу найргийн томоохон үйл явдлуудад байнга оролцож, монголын яруу найргийн тухай “Хүн төрөлхтөний яруу найрагт монголчуудын оруулсан хувь нэмэр”, “Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион”, “Даяаршилын үеийн монголын яруу найраг” зэрэг илтгэл тавьж байснаас гадна соёл, яруу найргийн “GUNU” сэтгүүлийг 5 жилийн турш англи хэлнээ эрхлэн гаргаж монголын уран зохиол, соёлыг сурталчилж байна. Яруу найрагч 2006 онд Монгол улсад Дэлхийн яруу найрагчдын 26 их хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. Өдгөө дэлхийн олон улс оронд монголын уран зохиол, түүний дотор монголын яруу найргийн талаар сонирхон судалж, хэвлэн нийтэлж байна.
Г.Мэнд-Ооёогийн санаачилгаар зохион байгуулж буй “Монголын яруу найргийн үнэт зүйлс ба орчин үе” эрдэм шинжилгээний бага хуралд академич Д.Цэрэнсодном, доктор, профессор Л.Хүрэлбаатар, доктор С.Дулам, Д.Цэнджав, Б.Магсаржав, Д.Цэвээндорж нарын зэрэг утга зохиол судлаач эрдэмтэд илтгэл тавина. Энэхүү бага хурал монголын яруу найргийн судалгааг арвижуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.


“МОНГОЛ БИЧИГ СОЁЛЫН ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


Мянга илүү жилийн түүхтэй үндэсний бичиг, түүний олон зуун жилийн өвийг сэргээх, хамгаалах, дэлгэрүүлэх асуудал яригдаад 20 гаруй жил болов. Өдгөө монгол бичиг үсгээрээ бахархаж сурч эзэмших үйлс улам идэвхжиж байна. Ялангуяа монгол уран бичлэг шинээр хөгжих эх суурь тавигдаж, үзэсгэлэн, сургалт, тэмцээн наадам зохиогдох болов. Монголын дүрслэх урлаг, уран зурагт үндэсний бичиг үсэг дүрслэлийн хэрэглүүр болж нэвтрэв. Монгол каллиграфч, Дэлхийн оюуны олимпоос алтан медаль авав. Монгол уран бичлэгийн хөгжлийн энэхүү шинэ цаг үеийн ололт, бэрхшээл, гажуудал, түүний цаашдын төлөвийг хэлэлцэх нь бичиг соёлын хөгжилд чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.

Monday, January 25, 2010

Г.МЭНД-ООЁОГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ХИШИГ ӨДРҮҮД

Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн соёл, утга зохиолын үйлс олон талтай. Тэрбээр 1980-аад оны сүүл үеэс монголын түүх соёлын өв, үндэсний бичиг, ном соёлыг сэргээх, хамгаалах, арвижуулах олон талт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд түүний удирдлагаар хэрэгжүүлсэн “Мигжэд Жанрайсиг” хөтөлбөр, соёл эрдэм шинжилгээний “Сувдан сондор” аялал, “Бичиг соёл” хөтөлбөрүүдийг дурдаж болно. 2006 онд Монгол улсад Дэлхийн яруу найрагчдын 26 их хурлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд монгол яруу найргийг дэлхий дахинд танилцуулахаар амжилттай ажиллаж байна.
“Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлийн хишиг өдрүүд” хөтөлбөрийг түүний анд нөхөд, хамтран зүтгэгчид нь санаачилсан бөгөөд яруу найраг, бичиг соёл, утга зохиол, оюун билгийн ертөнцийг нь уншигч олонд нь нэгэн цогц байдлаар танилцуулах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Хишиг өдрүүдийн хөтөлбөрт “Утгын болор сүм” уран бичлэг, бичиг соёлын үзэсгэлэн, “Зөөлөн ай” яруу найргийн уншлага, яруу найргийн багц шинэ ном, CD, үгийн шидэт эрчимийн тухай яруу найрагчийн лекц, яруу найргийн үнэт зүйлсийн тухай эрдэм шинжилгээний бага хурал уулзалт ярилцлага зэрэг олон үйл явдал багтаж байна.
“Г.Мэнд-Ооёогийн хишиг өдрүүд” хэмээх энэхүү хөтөлбөр нь монголын ард түмний эрдэм билиг, оюун соёлын өв уламжлалыг эрхэмлэн дээдлэхийн чухлыг эргэн санагалзуулахын хамт эдүгээ цаг үед нийгмийн хөгжил хийгээд ард түмнийхээ гэгээрлийн үйлсэд уран бүтээлч зохиолч, яруу найрагч хүн юу хийж яаж тэдэнд урам зориг, эрч хүч өгч болох вэ? Гэсэн асуудал дэвшүүлж буйгаараа онцлог юм.
Тал нутгийн нүүдэлч малчин гэр бүлд төрж өсч хүмүүжсэн Г.Мэнд-Ооёо бээр багадаа хонины хишиг өдрийг олонтаа өнгөрөөж хээр талын бэлчээрээс уран бүтээлийнхээ анхны сэдэл санааг олсон юм. Яруу найрагч 1991 онд “Бичиг соёлын хишиг” өдрийг санаачилан зохион байгуулж байсан юм.
Өдгөө яруу найрагч Г.Мэнд-Ооёо өөрийн уран бүтээлийн хишиг өдрийг долоо хоногийн турш зохион байгуулж, уншигч олондоо оюун билгийн өглөг хишгээ хүртээх юм.

Сайн үйлс дэлгэрч, буян хишиг арвижих болтугай.

Friday, January 22, 2010

"ХИШИГ ӨДРҮҮД”- ИЙН ХӨТӨЛБӨР


“Г.МЭНД-ООЁОГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ХИШИГ ӨДРҮҮД”- ИЙН ХӨТӨЛБӨР


2010.01.27 – 02.03


1. Нээлт: 2010.01.27 - 15 Монголын Уран Зургийн Галерей-

Г.Мэнд-Ооёогийн утгын болор сүм” уран бичлэг, бичиг соёлын үзэсгэлэн


2. 2010.01.29 - “Үгийн эрчим хүчний шидэт долгион” лекц / МУБИС/

3. 2010.01.29 - 15 “Ном нээх цаг” Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шинэ бүтээлүүдийн нээлт /Уран зургийн Галерей/

4. 2010.01.30 - “Зөөлөн ай” яруу найргийн уншлага

5. 2010.01.31- “ Оюуны хишиг өдөр” Соёл Яруу Найргийн Академийн өдөрлөг
6. 2010.02.01 10 – 15 цаг“Монгол бичиг соёл ба өнгөрсөн, одоо, ирээдүй” хэлэлцүүлэг 2010.02.01 16 цагт“Үгийн эрчим хүчний шидэт долгион” лекц /Монгол Банкны хурлын танхимд/

7. 2010.02.02 14 цагт- “Монголын яруу найргийн үнэт зүйлс ба орчин үе” эрдэм шинжилгээний бага хурал /МУБИС-ийн эрдмийн зөвлөлийн танхим/

Thursday, January 21, 2010

УРАН БҮТЭЭЛИЙН ХИШИГ


“Г.МЭНД-ООЁОГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ХИШИГ ӨДРҮҮД”- ИЙН ХӨТӨЛБӨР 2010.01.27 – 02.03

Thursday, January 7, 2010

ЭЭЖИЙН БҮҮВЭЙТЭЙ ХОРВОО

Миний хүүгийн унаж өссөн дэлхий гэж
Миний ээж дуундаа эх дэлхийгээ багтаана
Бүүвэй, бүүвэй, эх дэлхий бүүвэй гэж дуулна.
Өлзийт ээж минь үрээ дэлхийтэйгээ бүүвэйлнэ.
Өлгийн бүүвэйтэй дэлхий амгалан
Бүүвэй, бүүвэй, ээжийн бүүвэйтэй дэлхий бүүвэй.

Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гэж
Миний ээж дуундаа хөх тэнгэрээ багтаана
Бүүвэй, бүүвэй, хөх тэнгэр бүүвэй гэж дуулна.
Учралт ээж минь үрээ тэнгэртэйгээ бүүвэйлнэ.
Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан,
Бүүвэй, бүүвэй, ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй.

Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гэж
Миний ээж дуундаа энэ хорвоогоо багтаана.
Бүүвэй, бүүвэй, энэ хорвоо бүүвэй гэж дуулна.
Энэрэлт ээж минь хүүгээ хорвоотойгоо бүүвэйлнэ.
Ээжийн бүүвэйтэй хорвоо амгалан,
Бүүвэй, бүүвэй, ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй.

Уулсын дүрийг тайлахуй

Уулс гүн бодолд дарагдан дүнсийж
Униар будан дунд сүүмэлзэн мануурна
Урьд өмнийн түүх шаштираа санан эмзэглэв үү
Урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдана

Хөнгөн зуурын гунигаас тасарсан нулимс уу
Хөх хөх дусал навчис дээр гялтайна
Уйтгараа тайлж манан будангаа хөөж
Ухаалаг дөлгөөн болоод уулс намайг ажна.

Моддын үзүүр үл мэдэг ганхасхийхэд
Норсон мөчрөөс тэнгэрийн нулимс под под унана
Арилсан мананы усан бургидас агаарт сацрахад
Алтан үзүүртэй наран бийр өнгө бүрийг түрхэнэ

Нарны туяаг утас шиг сүлжсэн бороон сэмдэс
Намбалаг уулсынхаа бор ногоон дээлэнд учиг шингээнэ
Өнгийн цэцгийг янз янзаар алаглуулан
Өлмий биедээ хивсний хээ нэхнэ

Наян хэлний шувуудаа мөчир болгонд томилж
Намуун аястай жигүүртний чуулгыг дэглэнэ
Өнгө эгшиг бүхэн нь эрхэмсэг найрсуу болоод
Өвс, чулуу болгон нь утга уянга хэлхэнэ

Хүүгийн минь эрх хонгор дууг уулс чагнаж
Хүрэн улаан хадандаа соронзон бичлэг хийнэ
Хөлгөн их уулсын баяслын айзмаар донгодох
Хөхөөн дуу их хангайн ятга чавхдас юм заа

Ганцхан ширхэг гандсан шар навч нь ч
Газар дэлхийн амьдралын зуун түүх ярих
Буянт их уулсынхаа ухаалаг гүн бодлыг
Буурал хорвоогийн нэгээхэн агшинд тааж ядна…

Үй түмэн танил хөх ногоон өвсөн дунд
Үзэж таниагүй шинэ цэцэг ургажээ та минь!
Өвгөн уулсын бодолд мянган жил бойжоод
Өнөөдөр биеэ олсон уран туурвил мөн үү?