Wednesday, November 11, 2009

ШАР БҮРДЭНД БОЛОХ ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УРИЛГА

ШАР БҮРДЭНД БОЛОХ ЯРУУ НАЙРГИЙН
НААДМЫН УРИЛГА БУЮУ ЗУНЫ
ДУНД САРД НУТАГ УСАНДАА ИРЭХҮЙ

Зураач урьж уулзалтын тайз чимэглэсэнгүй ээ
Зурхай зохирч зуны дунд сарын нар
Угалзан үүлсийн хөх магнаг сиймхийгээр
Улаан пансан хөшгийг тэнгэрийн хаяанд татвай.

Талын хөх уулс морин зэрэглээнд сундалдаад
Танил өвгөд шиг мордож буун, мордож буун айсуй
Зээрд азаргатай адуу алтан хараацайд ээрүүлэн
Зээгт нарийн хэцээр дэргэж цогин, дэргэж цогин айсуй.

Зуун хэдэн морьтны хазаарын амгай жингэнэлдэж
Зуны дунд сарын тэнгэрт хонхон чимээ өргөх нь
Зулагт монгол гутлаараа цэцэг зайчилж алхах
Зургаадай таягтай өвгөдийн минь Зуугийн бурхан намба нь

Жиргэж байгаа болжморыг наран сөрөг харах
Ергөж яваа хүлгийн туурайн тусгалыг чагнах
Юухан хийхнийг анзаарахад юутай содон санагдах нь
Юм бүхэн ахуй бадалдаа, ая дандаа зохистойнх оо.

Зуун мянган хүнтэй цэнгэлдэхийн мяраан асарт
Зуны аадар шиг алга ташилтанд халамцаж зогссоноос биш
Аяа, би яагаад хөдөөгийнхөө хөх өвгөдийг налан суугаад
Адуу янцгаах аялгуутай шүлгээ уншина гэж яарсангүй вэ?

Гүнж зам шиг, надаас гүлмэрч алсарсан нутаг минь
Гүйгээд ирэхийн цагт өөдөөс гүйсэн нутаг минь
Хөсөг тэрэгтэй нүүдэл хөтөлж одсон аав минь
Хөтөл дээгүүр саравчилсаар хөхөрч сэмэрсэн ээж минь

Бэлчээрт адуу янцгаахад хөхүүрт айраг шуугих
Тэнгэрт одод анивалзахад тулганд гал инэвэлзэх
Ус болоод галыг золгуулж уураг цай болгох
Уг чанартаа буй юмс утгын бөмбөрцөгт эвсэн бүтьюү

Юм бүхэн үүсгэлдээ эргэж ордог шиг талдаа уусъюу
Юм бүхэн үүнээсээ эвдэрч оддог шиг буцъюу
Дурдан Шар бүрдийн минь дундаа нартай толионоос
Дуу, найргийн Янжинлхам дурайхыг нэг үзьюү

Хөх хадган зогдроороо манхны сэрвээ шүргүүлсээр
Хөх завьяа шиг тогорууд хөх усандаа айсуй
Бор ходоодоо гаргасан бондгор бөндгөр жаалууд
Бор шувуудтайгаа цуг нисэн алдан айсуй

Юм бүхэн өөрийн байрандаа, мөн чанартаа зохистой
Юмбүү хөх уул нь уйлахад бүрэлзэж, дуулахад дүрэлзэх
Ямбуу цагаан үүл нь гунихад сэмэрч, мишээхэд намирах
Юм бүхний энгийн чимэг нь энгүй утгыг хадгалъюу

Яргай ташуураа барьж, жийжүү дөрөөгөө жийе
Яруу найргийн минь тайз цэцэгт ногоон дов
Тас бүргэд, жигүүрээ сэрүүцүүлж дэвэх тэнгэр –
Танхимын минь дээвэр цэнхэрлэгч тэр л хавь!

1996.02.5

Sunday, November 1, 2009

ХҮЛЭЭЖ БАЙГАА ЭЭЖ

Өлөн бор хамхуул үүрийн хяраанаас бөмбөрсөөр
Өглөөн хөхвөр туяанд бөн бөн хөвөхийг үзлээ
Танил гар шиг салхинд чинь хацраа алгадуулж зогслоо
Тал, ээж хоёртоо ирэлгүй он уджээ, би

Төө тэндэхийн барааг дурандаж суух ахуйд
Сөөг дэрстэй намаржаанд ганц гэр торойх нь
Өтгөн хөх мананг сөхөн саравчилж
Өөрийн минь зүг эмгэн хүн бөгцийх нь

Аяа, хөөрхий миний ээж мөнхийн наян насандаа
Адилхан бас л ингээд саравчилж зогссоныг сануулж
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
Өчүүхэн жолоотой биднүүсийг үлгэрлэж зэмлэх мэт ээ!

Цаст уул шиг царцаж мөсөтсөөр ээж л хүлээдэг ээ,
Цайныхаа галд түлэгдэн дээл хөвөрдөж
Дөрвөн цагийн харгуйг сэтэртэл ээж л харуулдаж
Дөрөөн чимээ ханхийхийг анирлаж суудаг аа!

Дэлхийд үгүй ээж минь дандаа бодогдох боллоо
Дээлийнхээ хормойг харганын өргөсөнд сэмэлсээр
Навчтай цуг зулгарч намайгаа хүлээсээр
Насныхаа хөтөл дээгүүр нүүж одсон ээж минь!

Амрах гэж нутагтаа хааяа л нэг ирдэг ээ, бид
Асрах гэж ээждээ зорьсон минь юусан билээ?
Ануухан гэж бодож анзааргагүй явсаар
Ажил гэж албархан араадаа бид яарсаар

Хөлдүү өвлийн үүрээр ээжийгээ нэгэн ачлаж
Хөрзөн хормойлж галыг нь өрдөхийн оронд
Өдөн хөнжлийн өег халуун жаргалд
Өлгийтэй хүүхэд шиг нозоорч хэвтсээр

Ая тухын олбог сэнтийд авирч
Ар араасаа биднүүс орон хотруу нүүцгээсээр
Ахин ирж гийгүүлэх гэгээн өдрүүдийн чинь тулд
Амьд явахаар ээжүүд л үлдсээр

Онгойсон нүх шиг гэрийн буурь харлаж
Он цагийн салхин цууямбууг хүүршүүлэх
Чөтгөр тогтомгүй гангийн галт шил шиг наран дор
Чөдөртэй морь шиг, ээж л байсаан!

Суварга түүхийн чанадаас нааш дэлхсэн малаа
Сулд нь орхиж хот руу нүүгээгүй буурлууд минь
Тэнхлэгт хорвоон хорол дугуйт арал дээр
Тэнгэр дээдсийн эсгий туургыг ачаалаад

Замын нугачаа гарган зангийн муруйг засах
Замбуутивийн хос чавхдас хуураа дээр нь залаад
Магадын амраг уртын дуутай талдаа
Машидын хутаг олж хөх чулуунд оршсоор

Араг үүрсэн ээж минь нүүдэл хөтөлж
Алаг цэцгийг ээтэн гутал нь үнэсэж
Модон тэрэгний мөөр цагийн хөлд шалбарсаар
Монголын талаар он жилүүд өнхөрсөөр

Цөлхөрч мэнэрсэн тал нь эзгүйрч
Цөмөөрөө бараг нь хотод арагтай аргал шиг чихэлдэх
Цөхрөн бармаар энэ бэрх зааг дээр
Хөхөртлөө хүлээсэн ээж минь хөөрхий!

Ирж байгаа цагаас ээж минь тосохгүй болохлоор
Эргэж хэндээ ч гэж ирэх билээ, би
Илээ, гэвч эмтэрч хүлээсэн ээжийгээ бодохлоор
Элгэн нутагтаа эргэж ирмээр санагдах юм

Буцаад талдаа ир! гэж чинэрсэн хөхөөр даллаад ч
Бурхан галавын гандирс энд байна! гэж зарлаад ч
Өргөө хотоо орхих сачийтай хүмүүн олдох уу?
Өдрийн од нь харин илүү олон буюу!

Цэлхэртэл уйлсан нүд шиг талын зовхис
Цэлдэн хөх униар дунд мэнэрчээ
Хэн хэний маань орхисон үүр юм бэ?
Хэдэн бор гэр л хотын зүг саравчилжээ!

1994.12.18

Энэ шүлэг Данзанравжаагийн нэрэмжит 1994 оны
монголын яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртжээ